Хүүхэд яагаад ээжийгээ элэг барьдаг вэ?
Хүүхэд тань бусадтай байхдаа томоотой, харин ээжийнхээ дэргэд янз бүрийн ааш авир гаргадаг уу?Бага насны хүүхдүүдтэй эцэг эхийн хувьд ялангуяа анхны хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүдэд тулгардаг нэг том асуудал бол хүүхэд бусадтай үлдэхээрээ өөрийгөө зөв авч явж, үгэнд нь орж, заавар зөвлөгөөг нь дагаж тун томоотой байдаг мөртлөө эцэг эхээ харахаараа "хүнээ байдаг" явдал юм.Энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ энэ төөрөгдлийг тайлахыг хүслээ, хэрэгтэй нэгэндээ түгээгээрэй... Үнэхээр ээжийн буруу хүмүүжүүлснээс хүүхэд ээжийгээ харахаар аашаа эвдэж, янз бүрийн авир гаргадаг ууҮүний учир нь ердөө л эцэг эх бол тэдний хувьд зөвхөн хамгийн дотны хайртай хүн байгаад зогсохгүй бүхэл бүтэн ертөнц тэр чигээрээ байдагт оршдог. Эцэг эх хүүхдийнхээ "хэцүү" ааш авир гаргаж буйг өөрсдийнхөө өгч буй хүмүүжлээс шалтгаалж байна гэж үзэж өөрсдөөсөө бурууг хайх нь элбэг.Гэвч үнэндээ хүүхэд хамгийн их хайртай, итгэлийг нь авсан ойр дотны хүндээ л эрхэлдэг. Иймд эхийгээ харахаар аашаа эвдэж байна гэдэг нь нэг талаас маш хэвийн үзэгдэл. Хүүхэд ээж аавдаа ааш гаргаж, хэлэх зүйлээ хэлж, уйлж, гомдож, баярлаж, хүсэх зүйлээ хүсэж, түүнийгээ авч чадаж байна гэдэг гэр бүлийн уур амьсгал эрүүл зөв байгааг илэрхийлж байгаа юм. Энэ нь хүүхэд танаас эмээдэггүй, өөрийгөө илэн далангүй илэрхийлж чаддаг, өөрт тохиолдсон баяр, гуниг, сайн муугаа нуухгүй хуваалцдаг хүн болно гэсэн үг.Аа харин хүүхэд ээжтэйгээ байхдаа бүх зүйл хэвийн мэт боловч өвөө эмээ, ах эгчтэйгээ байхдаа эсвэл цэцэрлэг дээрээ муухай аашилж загнадаг бол ээж хүүхдийнхээ хүмүүжилд өөрөө анхаарах цаг болсны дохио юм.Учир нь ийм харьцаа өмнөх харьцааг бодвол арай бага тохиолддог ч илүү ноцтой. Энэ нь өөрийнхөө хамгийн дотны хүн болох ээждээ бүрэн итгэдэггүй, харьцаандаа айдастай байдаг тул өөрийн сэтгэлээ хуваалцдаггүй гэсэн үг. Хүүхдэдээ анхаарал халамж бага тавьдаг, бага цагийг хамт өнгөрүүлдэг болон харилцан ярилцдаггүй эцэг эхэд ихэвчлэн тохиолддог. Нэн ялангуяа өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлдэггүй, асрагч эхээр харуулдаг Европын орны хүүхдүүд ийм төлөвшилтэй байх нь түгээмэл.Ийм асуудлаас ангид байя гэвэл өөрөө хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийнхээ асуудалд оролцох, хамт цагийг өнгөрөөж, асуудлыг хамт шийдэж байх хэрэгтэй.Нэг жишээ авч үзье,Хүүхэд эмээтэйгээ өдрийг өнгөрөөжээ. Бүх зүйл сайн сайхан байлаа. Хүүхэд эмээгээ уурласан, баярласан хамаагүй ярианы хэв маяг, зан ааш, тавьсан шаардлага бүгдэд гайхалтай зохицоод байж чадна. Энэ нь зүгээр л ойлголцлын түвшинд биш, мэдрэмжээрээ хийж байгаа түүний үйлдэл. Ямар ч бодол санаагүйгээр эмээгийн санааг дагаж хийнэ гэдэг ургамал нарыг дагаад байрлалаа өөрчилж буйтай эсвэл өвчтэй эзэндээ тус болох гээд хажууд нь очих нохой, муурны зөнгөөрөө хийж буй үйлдэлтэй адил юм.Ээж нь ирлээ. Удаан тайван байсан нөхцөл байдал өөрчлөгдлөө. Ээж нь өөр шаардлага тавьж, өөр сэтгэлийн хөдлөл үзүүлж, ярианы болоод биеэ авч явах хэв маяг өөрчлөгдлөө. Нэг өөрчлөлтөөс нөгөө өөрчлөлтөд шилжих цаг хүүхдэд олдсонгүй. Энэ өөрчлөлтийг хүлээж автал хэсэг хугацаанд хүүхэд сонин байдлаар өөрийгөө илэрхийлж эхэлнэ. Энэ шилжилтийг олон эцэг эх ойлгодоггүй, ялгаж харьцаад, элэг бариад байна гэж боддог.Гэтэл энэ нь нэг харилцаанаас нөгөөд шилжих шилжилтийн энгийн процесс байх нь. Эцэг эхчүүд ажиглаад харвал ийм харилцаа тийм удаан үргэлжлэхгүй 1-2 цагийн дараа хүүхэд хэвийн байдалдаа орсон байдаг.Хүүхдийн энэ занг яаж өөрчлөх вэ?Хамгийн гол нь эцэг эх - Биднийг эвгүй байдалд орууллаа, олны нүдэнд хүмүүжилгүй гэдгээ харууллаа гэж хүүхдэдээ гомдож, бурууг тохох хэрэггүй.Эцэг эх хүүхдийнхээ энэ зан авирыг зөвхөн тэдэнд гаргаж буй авир биш, хүүхдийн хөгжлийн нэг үе шат жамаараа явагдаж байна гэдгийг хатуу ойлгож, тайван хүлээж авах хэрэгтэй.Давтан хэлэхэд хамгийн хайртай хүмүүсийнхээ дэргэд хүүхэд онгирон сагсуурч, үймүүлж, эрхэлж, уйлж унжиж, юм нэхэж, айлгаж байна гэдэг хэвийн үзэгдэл. Харин эсрэгээрээ бол асуудалтай гэдгийг дээр дурдсан.Ээж үүнийг эмзэг хүлээж авалгүй тайван амгалан, байх ёстой зүйл мэтээр сүр бадруулалгүй хүлээж авбал хүүхэд аяндаа тайвширч, шинэ нөхцөл байдалдаа дасаад ирдэг. Үүнийг ихэнх эцэг эх мэдэхгүйгээсээ загнаж зандарч, муу хүүхэд мэтээр ойлгуулж, эсвэл номхон дуулгавартай байлган "сайн" хүүхэдтэй болох гэж дарамталснаас байдал эсрэгээрээ эргэж, асуудлыг дэврээж орхидог тал бий. Үүн дээр эмээ, өвөө нь "Бидэнтэй зүгээр байсан хүүхэд яахаараа чамтай ингэдэг байнаа. Чи ерөөсөө хүүхдийн арга эвийг олохгүй байна" гэх мэтээр тос нэмэх нь бий. Далайн хүчтэй түрлэг ирэхэд түүнийг өнгөрөөчих л юм бол нэг хэсэгтээ тэр давлагаа буцаж ирдэггүй. Яг үүнтэй адилхан ааш авир гаргаж байгаа хүүхэдтэй эвтэйхэн харьцаж болно. Яг ааш гаргаж байх үед нь оролдолгүй орхиод хэсэг тайван хүлээж харзнах нь хүүхдэд тайвширч хэвийн байдалдаа ороход нь туслах үйлдэл юм. Ийм тохиолдолд хүүхэд бусдын аргадалт, нөлөөгүйгээр өөрөө өөрөө тайвширч, хэвийн байдалд ордог.Харин энэ байдал удаан үргэлжилбэл "Миний хүү ээжийгээ ямар их санаа вэ? Хүүгээ эрхлэх, сахилгагүйтэхийг харсан чинь сайхан болчихлоо" гэх зэргээр, хайраа илэрхийлсэн үгийг зөөлөн, уурлалгүйгээр хэлээрэй.Хүүхдийн сэтгэлийн хөөрлийг эцэг эхийн тайван хүлээлт л хамгийн сайн дардаг бөгөөд энэхэн зуур л тэвчиж чадвал хүүхэд нэг мэдэхэд ээжтэйгээ энхрий ялдам харилцаж эхэлсэн байх вий.Хүүхэд эцэг эхтэйгээ нууж хаах зүйлгүй чөлөөтэй харилцаж, айж эмээлгүй асуудлаа ярьж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна гэдэг хамгийн эрүүл хүмүүжлийн нэг хэлбэр бөгөөд хүүхэд эцэг эхдээ бүрэн дүүрэн итгэж найддагийн баталгаа. Цэцэрлэгтээ үлгэр жишээ охин гэртээ ирээд "ад чөтгөр" шиг аашилж байвал бүү гайх. Тэр зүгээр л бусдын хажууд бие, үйлдэл, сэтгэл хөдлөлөө барьж байсан, харин одоо өөрийн хамгийн хайртай аав ээжтэйгээ айх, хүнийрхэх, биеэ барих шаардлагагүй болж байгаа хэрэг юм.